Бидний тухай

About Us

“Ц.Батзориг” сангийн тухай

Баримтат гэрэл зургийн “Ц.Батзориг” сан нь Гамма агентлагийн гэрэл зурагчин Ц.Батзориг агсны үйл хэргийг үргэлжлүүлэх, баримтат гэрэл зургийн хөгжилд хувь нэмрээ оруулах, гэрэл зургийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилготой байгууллага юм.
Сан нь залуу гэрэл зурагчдыг урамшуулж, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэтгэлэг, хөтөлбөр хэрэгжүүлэх, үзэсгэлэн, ном, цуврал гэрэл зураг бүтээх зэрэг олон чиглэлээр ажилладаг.

Монгол Улсад баримтат гэрэл зургийн хөгжлийн үйл явцыг хурдасгах, гэрэл зургийн сонгодог чиглэлийн үнэ цэнийг нийтэд таниулах, ирээдүйн залуу гэрэл зурагчдыг дэмжих хэрэгцээ, шаардлагын үндсэн дээр тус сан байгуулагдсан билээ.

History

Үүсгэн байгуулагдсан түүх

  • 1998 онд гэрэл зурагчин Ц.Батзориг өөрийн анхны бие даасан “Хүмүүс” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргасан нь сангийн эхлэл, суурь санаа болсон гэж үзэж болно. Учир нь одоог хүртэл хүмүүс нэр бидний ажлын нэг хэсэг болсоор байна.
    Тэрээр ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ 2001 оны 1-р сарын 14-нд Увс аймгийн Малчин суманд Ми-8 нисдэг тэрэгний осолд орж, амь эрсэдсэн юм.

  • Түүний гэрэл зургийн өв, уран бүтээлч сэтгэлгээг үргэлжлүүлэх үүднээс 2013 оны 1-р сарын 14-ний өдөр гэрэл зурагчин Д.Давааням Гамма агентлагийн нэрт зурагчин Ц.Батзориг агсны дурсгалд зориулан “Хүмүүс” нэртэй үзэсгэлэн, номыг бүтээжээ.
    Түүний гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон, гэрэл зурагчдын дэмжлэгтэйгээр Баримтат гэрэл зургийн “Ц.Батзориг” сан энэ өдөр албан ёсоор байгуулагдсан юм.

  • 2014 оноос эхлэн “Шинэ бүтээл – Хүмүүс” нэртэй үзэсгэлэн, шалгаруулалтыг жил бүр 2020 он хүртэл зохион байгуулсан. Энэхүү үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдийг мэргэжлийн редакторууд шүүн шалгаруулж, бүтээл тус бүрд шүүмж бичүүлснээр Монголын гэрэл зургийн шүүмж, редакторын соёлыг хөгжүүлэхэд шинэ алхам тавьсан юм.

    Олон жилийн хөдөлмөрийн үр дүнд “Шинэ бүтээл – Хүмүүс” үзэсгэлэнд шалгарч байсан 150 гэрэл зурагчны 700-аад бүтээл, тэдгээрийн тайлбар, шүүмжийг хамруулж нэгтгэсэн ном бүтээсэн.
Уриа үг

Бид үлдээх юмтай улс. Гэрэл зураг биднийг мөнхөлнө.

Ц.Батзориг 1966-2001 /Гамма агентлаг/